Ердийн хөсөг
Хүн төрөлхтний түүхийн хугацаанд дугуй үүссэн нь бүх л төрлийн тээврийн хэрэгсэл үүсэх үндсэн суурь болсон. Монгол нутгаас олдсон хадны сүг зурагнуудад морь хөллөсөн 4 дугуйтай тэрэгний зураг олдсон нь тухайн үед тэжээвэр амьтдыг уналага, ачлагад ашиглаж байсныг гэрчилнэ. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан, мөн тэдний арилжаа наймаа, аян дайны их хэрэгцээнээс үүдэн унаа хөсөг аяндаа бий болсон байна. өөрөөр хэлбэл нүүдэлчин аймгийнхан анх тэрэг хийж ашиглах болсон нь тээврийн үйл хэрэгт гарсан анхны томоохон дэвшил байсан бөгөөд ердийн хөсөг тэрэг нь 19-р зуунд уурын хөдөлгүүрт техник гартал дэлхий дахины тээврийн гол хэрэгсэл болж байв. Монголчууд 8-13-р зууны үе гэхэд олон төрлийн тэргийг хийж тээвэрт ашигладаг байсан тухай эрдэмтэн Х.Пэрлээ судалж бичсэн байдаг. Үүнд: харгуутай тэрэг, илжигтэй тэрэг, унгастай тэрэг, хасаг тэрэг, хаатай тэрэг, их гэр тэрэг, цуургатай тэрэг, тэнхлэгтэй тэрэг, төмөр тэрэг, ордны тэрэг буюу орд гэр тэрэг гэх мэтийн янз бүрийн нэртэй олон төрлийн тэргийн ашиглаж байжээ. Мөн Монголын нууц товчоонд мухлагт тэрэг, тэмээн тэрэгний тухай гардаг билээ. Монголчууд нутаг орондоо худалдааны гол төв боомт, аймаг хотуудын хооронд салбарласан олон зам чиглэлээр ердийн хөсгөөр аян хийн, харилцаа тогтоож байжээ. Богд хаант Монгол улсын үед харьцангуй олон хүн амтай, гар урчууд, худалдааныхан ялангуяа худалдааны пүүсүүд олноор төвлөрсөн, шашин мөргөл, худалдаа, засаг захиргааны 20-иод томоохон төв газрууд нь улс орны тээвэр эдийн засгийн холбоо, ачаа урсгалын гол цэгүүд болж байсан байна (Т.Намжим, Д.Ёндонсүрэн., 2005). Ердийн хөсөг тээврийн зарим хүчний төрлүүдийг хэрэглэх явдал нь Монголын бүс нутгуудад харилцан адилгүй байсан бөгөөд
- Дорнод Монголын бүс нутаг: тэмээн тэрэг, үхэр тэрэг,
- Өмнөт талын говь, баруун өмнөт зүгийн Алтайн уулархаг бүс нутагт, баруун аймгийнхан: тэмээн тэрэг нуруулдан ачаалах,
- Төв, баруун хойт хангайн бүс нутагт: үхэр тэрэг, мөн тэмээг нуруулдан ачаалах,
- Монголын төв, хойд хэсэг, Дорнод талын ардууд: морин тэрэг,
- Хүрээний дотор жууз тэрэг, 4-8 хүний суудалтай сүйх тэргийг ашигладаг байжээ.
Монголын ердийн хөсөг тээврийн үндсэн үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлж байв. Үүнд:
1. ачааны даац:
· тэмэг нуруулдаж ачихад 200-280 кг
· тэмээн тэрэгэнд 400-450 кг
· үхрийг нуруулдаж ачихад 130 кг
· үхэр тэрэгэнд 210 кг ачааг ачаалдаг байна.
2. хөдөлгөөний хурд:
· тэмээ хоногт 50 км
· үхэр хоногт 30 км замыг туулна
3. ажлын улирлын хэлбэлзэл:
· тэмээн хөсөг 10-р сараас дараа оны 4-5 сар хүртэл
· үхэр хөсөг 4-р сараас 12-р сар хүртэл тээвэрт явна.
Монголд гадаадын худалдаачид нэвтэрч хөсөг тээврийн хэмжээ нэмэгдсэнээс үүдэн худалдааны гол замуудыг засах , гол усанд гүүр, сал онгоц тавих шаардлага гарах болжээ. Оросын худалдаачид анх Хүрээ – Хаалганы замд Туул гол дээр 1888 онд томоохон модон гүүр барьжээ. Дараа нь 1901 онд Хөшөө модноос – Ховд – Улаангомын хоорондох зарим уул давааны замыг засаж, жижиг модон гүүр тавьж, улмаар 1909 оны эцсээр Ховд гол дээр анхны сал онгоц тавьжээ. 20-р зууны эхэн үед нийтдээ 10 модон гүүр байсны 8 нь Их Хүрээ хавьд, нэг нь Улиастайд Загастайн гол дээр, нөгөө нь Эрдэнэзуугийн ойролцоо Орхон гол дээр байсан байна. Тухайн үеийн худалдаа, эдийн засгийн ач холбогдол бүхий 17 гол замууд байсан бөгөөд үүнийг нэрлэвэл:
- Монгол – Хятадыг холбосон Их Хүрээ- Хаалганы чиглэлийн 1100 км зам
- Монгол – Оросыг холбосон Их Хүрээ –Хиагтын чиглэлийн 400км зам
- тэр үеийн засаг захиргаа, эдийн засгийн зонхилох төвүүдийг холбосон Их Хүрээ- Заяын шавь- Улиастай- Ховдын чиглэлийн 1550 км кам
- Монголын баруун хойт хэсгийг Хятадтай холбосон Улиастай- Сайр-Ус- хаалганы чиглэлийн 1900км зам
- Дорнод тал руу явсан Их Хүрээ- Манжуурын өртөө хүртэлх 1000 км
- Монголыг Шиньжян Уйгартай холбосон Улиастай – Гучины чиглэлийн 900км зам
- Ховд- Гучины чиглэлийн 700 км кам
- Монголыг Алтайн хязгаартай холбосон Ховд- Шар сүмийн чиглэлийн 400 км зам
- Монголыг баруун хязгаартай холбосон Ховд- Улаан давааны чиглэлийн 400 км зам
- Ховд- Кош Агачын чиглэлийн 400 км зам
- Улиастай- Хатгал- Мондын чиглэлийн 600 км зам
- Улиастай- Хангльцик- Кызыл чиглэлийн 700 км зам
зэрэг томоохон замууд нь Монголыг гадаад улс орнуудтай холбосон худалдааны гол замууд байв. Үүнээс гадна орон нутгийн шинж чанартай олон тооны замуд байжээ. Ерөнхийдөө 1921 оноос хойш Ардын армийн дэргэд агт морьдыг ашиглах болсон ба ердийн хөсгийн тээвэр багас ч эхэлжээ. Улмаар 1929 оноос эхлэн Монголтранс-д улсын жин тээврийн онц эрхийг хүлээлгэн өгсөн тул ердийн хөсгийн бүх асуудлыг эрхэлдэг болжээ. Мөн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 1938 онд ердийн хөсөг тээврийн дүрмийг баталсан. Улсын 17-р онц бага хурлаас 1932 онд өртөөний албанд хэрэглэгдэж байсан уургын улаа хэмээх хэлбэрийг бүрэн халж, өртөөг улсын чухал алба залгуулахад хэрэглэдэг болох хөлсийг нь төрөөс олгож байхаар тогтоожээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 1932 оны 9-р сард Сайд Нарын Зөвлөлийн, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар морин өртөөний шинэ хуулийг баталж мөн оны 10-р сараас эхлэн мөрдүүлжээ. Дайны эхэн үед буюу 1939 онд Улсын Бага Хурал, Сайд Нарын Зөвлөлөөс “Цэргийн зарим чухал тээврийг ардын аж ахуйтны ердийн хөсгөөр үнэ төлбөргүй тээвэрлүүлэх тухай түр хууль” батлагдан гарсан байна. Мөн 1941 оны 1-р сард “БНМАУ-ын дотор улсын ачааг ардын хөсгөөр заавал тээвэрлүүлж явуулах журам тогтоох тухай” хууль батлагдан гарсан байна. Тухайн үеийн ердийн хөсгийн нэг томоохон байгууллага бол Улаанбаатар Сүхбаатарын зам дахь 30-40 км тутамд буудал бүхий морин тээврийн станц байв. Улсын 9-р их хурлын шийдвэрээр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 1949 оны 7-р сарын 26-ны өдөр гарсан зарлиг болон Сайд Нарын Зөвлөл, МАХН-ын төв хорооноос гаргасан тогтоолын дагуу ардын аж ахуйтныг, мөн оны 10-р сарын 5-аас морин өртөөний албыг чөлөөлжээ. Ингэж Монголын уламжлалт ердийн хөсөг нь улсын хэмжээний тээврийн нэгэн төрөл болох байр суурь, ач холбогдолоо алдаж механикжсан тээврийн төрлүүдэд халаагаа өгчээ.
No comments:
Post a Comment